1.1 Уран сайхны гимнастикийн дэлхий дахинд
хөгжиж ирсэн түүхээс
Дэлхийн алдартай урлаг судлаач, хөгжмийн зохиолч болон сурган хүмүүжүүлэгчид уран сайхны гимнастикийн түүхэн хөгжилд нөлөөлсөн түүхээс товч авч үзье.
Франсуа Дельсарт (1811-1871) Францын дуучин төдийгүй драмын театрын жүжигчин байсан. Улмаар драмын урлагийн сурган хүмүүжүүлэгч болон оперын дуучдын ур чадварыг ахиулахын тулд нүүрний хувиралт, дохио зангаа, зогсох зогсолтыг /поз/ сайжруулах дадлыг уран тодоор илэрхийлэх онолыг боловсруулсан гавъяатан юм. Ф.Дельсарт тайзны урлагийг судалснаар хүний сэтгэлийн хөдлөлийг бүхэлд нь хөгжмийн аянд биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэхдээ тодорхой хөдөлгөөн болон позыг хатуу чанд хослуулан тохируулах замаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх явдал юм гэж дүгнэжээ. Дельсартын зохиосон “ Уран сайхны дохио зангааны арга зүй”-г бие бялдрын хүмүүжил тэр тусмаа нийтийн гимнастикийн үзүүлэн тоглолтыг хөгжмийн аянд зэрэг гүйцэтгэхэд өргөн ашигладаг.
Францын сурган хүмүүжүүлэгч, физиологч Жорж Демени (1850-1917) нь охид эмэгтэйчүүдэд бие бялдрын хүмүүжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олгоход нилээдгүй хувь нэмрээ оруулсан. Ж.Демени динамик дасгалуудын зүйд нийцүүлэн булчингуудыг ёуллах ба чангалах дасгал, бүжгийн алхаа гишгээ, хэрэгсэлтэй (булав, саваа мод, цэцгэн хэлхээ г.м) биеийн зөв галбирыг олгох, хурд, авхаалж самбаа, уян хатан чанарыг хөгжүүлээд зогсохгүй уян налархай, жигд зөөлөн хөдөлгөөнийг сурах дадалтай болдгийг баталж өгсөн.
XIX зууны сүүл үеэс XX зууны эхэн үед гимнастикийн хөдөлгөөнийг уран тодоор илэрхийлэх яьдал өргөжин хөгжсөнөөр ритмт гимнастик үүссэн түүхтэй. Үүний нэг үндэслэгч нь Швейцарийн хөгжмийн зохиолч, Женевийн консерваторийн профессор Эмиль Жак Далькроз (1865-1914) юм. Тэрээр дараах байдлаар дасгалын онолыг боловсруулсан:
- Хэмнэлттэй хөдөлгөөн /ритмт гимнастик/
- Сонсголыг хөгжүүлэх /сольфеджиа /
- Үйл хөдлөлийг хөгжмийн аянд цээжээр зохиох
Энэ нь хичээллэгчдийн сонсгол болон хөгжмийн авъяасыг хөгжүүлдэг. Ритмт гимнастик нь эхлээд хөгжимчид ба жүжигчдийн хүмүүжилд зортулж байсан бол улмаар бие бялдрын хүмүүжилд ашиглах болсон. Одоо ч гимнастикчдыг болон спортын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хөдөлгөөнийг хөгжимтэй хийх системийг өргөн ашигласаар байгаа.
Америкийн алдартай бүжигчин Айседора Дункан (1877-1927) нь Дельсартын боловсруулсан зарчмууд болон үзэл санааг өөртөө тусган авч биелэл болгон бүжгийн шинэ урсгалыг нээжээ. Түүний бүжиг нь хөдөлгөөнийг уян налархай чөлөөтэй хийж гүйцэтгэдэг, зарим хөдөлгөөнүүд нь орчин үеийн уран сайхны гимнастикийг олон талаар санагдуулдаг. А.Дункан өөрийн системээ тогтоож чадаагүй ч түүний үзэл санаанд маш олон үнэтэй зүйлүүд бий. Үүнд:
- Хичээллэгчид өөрийн хувийн ур чадварыг сайжруулж байж хувьчилсан уран бүтээлийг бий болгох,
- Дэлхийн алдартай зохиолчдын өндөр түвшний сонгодог хөгжмүүдийг сургалтандаа ашиглах,
- Энгийн хөдөлгөөний зарчмыг баримталж, хувцаслалт болон гутлыг хүртэл тохируулах,
- Гоо сайхны мэдрэмж ба байгаль дахь уран дзрслэлийн үндсийг баяжуулах
Эдгээр үзэл бодлоо илэрхийлэхдээ энгийн алхаа, гүйлтүүд, үсрэлтүүд, бие болон гарын савалттай хөдөлгөөнүүдийг ашиглан янз бүрийн дасгалыг зохиож түүн дээрээ судалгаа хийдэг байжээ.
А.Дункан эгч Елизаветтай хамтран 1920-1927 онуудад чөлөөт бололн тайзны бүжгийг хөгжүүлэн ажиллаж байсан. А.Дунканы мөрөөдөл нь сургууль байгуулж түүндээ бие бялдрын хөгжилт сайтай, оюун ухаан, ёс суртахуун, гоо зүйн хүмүүжилтэй бүжигчин бэлтгэх явдал байсан юм. Дараа нь түүний өргөмөл охин Нирма нилээд хэд хэдэн сургуулийг Америк болон Европд нээн ажиллуужээ. Түүний Париж, Бельвая, Гренвальде /Герман / ба Москва зэрэг хотуудад ажиллуулж байсан сургуулиуд нь нилээд амжилтанд хүрчээ.
Ж.Демени, Ф.Дельсарт, Ж.Далькроз нарын систем үргэлжлүүлсэнээр Орос оронд хувьсгалаас өмнө “Хэмнэлттэй-уран налархай хөдөлгөөний сургууль” гэж байгуулагдсан нь эмэгтэйчүүдийн гимнастикийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн. Энэ нь үүссэн цагаасаа эхлэн албан байгууллага, үйлдвэр, завод, боловсролын салбаруудад эмэгтэйчүүдийн гимнастикийн бүлгүүдийг байгуулан ажилласан. Гол зорилго нь эрүүл мэндийг сайжруулах, ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бие бялдрын чанаруудыг хөгжүүлэхэд чиглэжээ. Эдгээр бүлгүүдийн хичээлийн түвшин тийм ч өндөр байгаагүй нь тухайн үед эмэгтэйчүүдийн бүлгүүдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байсантай холбоотой.
1923 онд З.Д.Вербовагийн удирдлага дор “Уян налархай хөдөлгөөний студи” байгуулагджээ. Студи сургалтын хөтөлбөртөө Ж.Далькрозын системээс ритмт гимнастик, сольфеджио бусад гимнастик, акробатик, сонгодог бүжгийн элемент, чөлөөт дасгалын зохиомж, анатоми, биомеханик, улс төрийн хичээлүүдээр сургаж, ерөнхий боловсролын сургууль болон техникумын биеийн тамирын багш нарыг бэотгэж эхлэв.
1934 онд Москвагийн биеийн тамирын дээд сургуульд уран сайхны хөдөлгөөн ба акробатикийн тэнхим байгуулагдаж дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Тус ондоо Ленинград (одоогийн Санкт-петрбург) хотын Лесгафтын биеийн тамирын дээд сургуульд анхны Бүх холбоотны уран хөдөлгөөний дээд сургууль байгуулагдаж 1938 онд анхны мэргэжилтэнгүүд төгсөн гарчээ.
1945 онд эмэгтэйчүүдийн зориулсан гимнастикийг спортын чиглэлээр хөгжүүлж “Художественная гимнастика” (Уран сайхны гимнастик) гэж нэрлэх болсон. Ингээд 1946.10.22 нд Бүх Холбоотны Зөвлөлөөс гаргасан тушаалдаа эмэгтэйчүүдэд зориулсан уран сайхны гимнастикийг хөгжүүлэхийг албан ёсоор зарласнаар спортын шинэ төрөл болж хөгжсөн. Тийм ч учраас ЗХУ-ыг уран сайхны гимнастикийн төрөлх эх орон гэж үздэг.
Уран сайхны гимнастикийн түүхэн хөгжлийг 3 үе шатанд хуваадаг.
Нэгдүгээр үе шат (1947-1963 он)
Энэхүү түүхэн үе шат уран сайхны гимнастик эмэгтэйчүүдэд бие бялдрын хүмүүжил олгох орчинг бий болгох, анхны уран сайхны гимнастикийн сургалтын суурь тавигдсан үе юм.
Анхны тэмцээнээ үзүүлэн тоглолт коноурс хэлбэрээр (I-1947 онд Таллинд, II-1948 онд Тбилист) зохион байгуулж, 1949 онд Киев хотод Бүх Оросын анхны уран сайхны гимнастикийн тэмцээнийг албан ёсоор хувийн аварга шалгаруулж зохиогдсон. Үүнд Любовь Динесова аваргаар тодорчээ.
1950 онд Спортын зэргийн нэгдсэн ангиллыг дэлгэрэнгүй бичлэг, зураг, нотын хат гаргасан явдал нь уран сайхны гимнастикийн спортыг цаашид хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгээн. Нэгдсэн хөтөлбөр, норматив нь гимнастикчдад спортын зэрэг олгох төдийгүй сургалт дасгалжуулалтын агуулга, зохион байгуулалтыгтөлөвлөгөөтэйгээр удирдах шаардлага гарч иржээ. 1954 онд спортын мастерийн хөтөлбөрийг зохиосон нь уран сайхны гимнастикийн техникийн үзүүлэлтэнд дэвшилтэд үе эхэлсэн. Анхны ЗХУ-ын аварга цолыг Лилия Назмутдинова хүртэж түүний уян зөөлөн хөдөлгөөн, хөнгөн далайцтай үсрэлт, акробатикийн хүндрэтэй элеменүүдийг магтан сонин хэвлэлүүдэд бичиж байв.
Олон улсын уран сайхны гимнастикийн холбоо 1960 онд байгуулагдаж, анхны олон улсын уулзалт тэмцээнийг Болгарийн Софи хотын “Славница” спортын ордрнд зохион явуулж, уг тэмцээнд Болгар, ЗХУ, Чех улсуудын шигшээ багууд оролцсон. Олон улсын уран сайхны гимнастикийн холбоо нь 1963 онд Унгарын Будапешт хотод зохиогдсон олон улсын тэмцээнийг уран сайхны гимнастикийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж албан ёсоор нэрлэн улмаар 2 жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ.
Хоёрдугаар үе шат (1963-1988 он)
Олон Улсын Гимнастикийн Холбоо уран сайхны гимнастикийн техникийн комиссыг 1963 онд байгуулсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1963 оноос, Европын аварга шалгаруулах тэмцээнийг 1978 оноос эхлэн тогтмол амжилттай зохион байгуулж байна. 1967 оноос дэлхийн уран сайхны гимнастикийн түүхэнд шинэ төрөл болох багаар хийх дасгалын төрөл өий болсон. 1967 онд Копенгагены Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж Орос Холбооны улсын шигшээ баг аваргаар шалгарчээ. Харин 1987 онд багаар хийх дасгалыг 5 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр төрлөөр тэмцээнд оролцуулдаг болгожээ. Үүнд:
- Багын бүх гишүүд нэг ижил хэрэглэлтэй хийх
- Хоёр өөр хэрэглэлийг хослуулан хийх
Олон Улсын Гимнастикийн Холбооны /ФИЖ/ уран сайхны гимнастикийн техникийн хорооноос ганцаарёилсан болон багаараа ямар хэрэглэлтэй хийж гүйцэтгэхийг олимпийн циклийн дагуу тогтоож өгдөг.
Тухайн үед БНБАУ-ын уран сайхны гимнастикийн спорт нилээд эрч хүчтэй хөгжиж, үндэсний спорт нь болсон. Тийм ч учраас “Болгар улсын хөдөлмөрийн баатар цол”-ыг уран сайхны гимнастикийн анхны дасгалжуулагч Ж.Шишманова, дэлхийн аварга М.Гигова, А.Раленкова, Д.Робева, улсын шигшэээ багийн дасгалжуулагч Н.Робева нарын 5 хүн хүртэж байсан. Энэ үеийн гол өрсөлдөгчид ОХУ болон БНБАУ-ын тамирчдын хооронд явагддаг байжээ.
Москвагийн ХХII Олимпийн дараах Олон Улсын Олимпийн Хорооны Конгресс дээр уран сайхны гимнастикийн төрлийг олимпод оролцуулах талаар удаан хүлээсэн асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд Олон Улсын Гимнастикийн Холбооны \ФИЖ\ Ерөнхийлөгч Юри Евлампиевич Титовын оруулсан хувь нэмэр маш их юм.
Гуравдугаар үе шат \1988 оноос хойш\
Уран сайхны гимнастик дэлхийн олон улс оронд хөгжин дэлгэрч эмэгтэйчүүдийн биеэ даасан спортын төрөл гэдгээ 1984 оны Лос Анжелосын олимпод харуулж аваргаар нь Канадын тамирчин Лори Фанг шалгарсан. Гэхдээ энэ олимпод Социалист орны тамирчид оролцож чадаагүй нь харамсалтай байсан. Ингээд 1988 оны Сөүлийн Олимпийн наадмас эхлэн албан ёсоор оролцох эрхтэй болсон.
Олимпийн төрөл болж дэлхий дахинд хурдацтай хөгжсөнөөр уран сайхны гимнастикийн түүхийн шинэ эрин үе эхэлсэн. Энэ үеэс техникийн ур чадварыг маш өндөр түвшинд хөгжүүлж, тэмцээний дүрмийг улам нарийвчлан олон талаас шүүн гаргадаг болсон. Бүх техник элементүүд нэр томьёотой, тэмдэглэгээтэй, тус бүрдээ үнэлгээтэй болгосноор тэмцээний шүүлтэнд ч өөрчлөлт гарч тамирчдын ур чадварыг нарийвчлан хэрэглэлийн болон биеээр хийх техник үзүүлэлт,жүжиглэлт, гүйцэтгэл гэж тус тусад нь дүгнэх болсон.
Олимпийн төрөл болсоноос хойш гол өрсөлдөгч нь Украйн, ОХУ, Болгар,Белорус,Казакстан, Унгар, Грек,Испани, Герман, Хятад, Япон, Америк зэрэг европын олон улс орнуудын өндөр зэрэгтэй тамирчдын хооронд өрсөлдөх болсон. Ингэж дэлхийн олон улс оронд уран сайхны гимнастикийн дэмжин хөгжүүлсэнээр охид эмэгтэйчүүдийн хичээллэх дуртай спортын нэг болон хөгжсөөр байна.
1.2 Монголд уран сайхны гимнастик хөгжсөн түүх
Монголын Гимнастикийн холбоо 1961 онд үүсч, 1962 онд Олон Улсын Гимнастикийн Холбоонд гишүүнээр элссэн.1962-1963 онд хөгжиж эхлэх суурь тавигдсан. Спортын гимнастикийн улсын шигшээ багт ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан В.И.Червяков багшийн гэргий Нина Червякова уран сайхны гимнастикийн анхны секцийг Драмын театрт хичээллүүлж, анхны тэмцээнийг спортын төв ордонд охидын зэргээр чөлөөт дасгал,бөмбөг,цагираг,акробатикийн дасгал мөн түлхэлтийн бандангаас олсон дээгүүр харайлгах төрлөөр тэмцээнээ зохион явуулж байжээ. Спортын гимнастикийн шигшээ багийн тамирчдад Нина багш шүүгчийн семинар зохиоход манай анхны дасгалжуулагч Д.Хишгээ оролцон шүүгчээр ажиллаж байсан. Гэхдээ тэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсны улмаас уран сайхны гимнастикийн секц удаан үргэлжилж чадаагүй.
Улмаар 1971 оны 11-р сарын 04-ний МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн 45\147 дугаар тогтоолоор уран сайхны гимнастикийн спортыг манай оронд хөгжүүлэх болж, анхны шигшээ багын дасгалжуулагчаар с\м Д.Хишгээ томилогдон ажиллах болсон. Д.Хишгээд охид эмэгтэйчүүдийн биеэ даасан спортыг хөгжүүлэхэд багагүй бэрхшээл байсан ч 50-иад охидыг шилж сонгон анхны секцээ хичээллүүлжээ. ЗХУ-н уран сайхны гимнастикийн сурах бичиг,ном, тэмцээний дүрэм,зэргийн нэгдсэн ангилал, хөтөлбөрт дасгалуудыг судлан өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулсанаар 1972 онд Ерөнхйи боловсролын сургуулиудын сурагчдын дунд уран сайхны гимнастик, акробатикийн тэмцээнийг СТО-нд цагираг, олстой хийх дасгалаар зохион явуулсан. Анхны тэмцээний аварга цолыг 21-р сургуулийн сурагч Үндэсний бөхийн аварга Цэвээнравдан гуайн охин Эрдэнэбаяр хүртсэн. Үүнээс хойш Улаанбаатар хотын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээнийг жил бүр тасралтгүй зохион байгуулсаар иржээ.
1973 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчидийн 3 дугаар зэргээр зохион явуулсан. Манай улсын урилгаар 1973 онд ЗХУ-аас РСФСР-ын гавьяат дасгалжуулагч Нина Осиновна Суворова, уран сайхны гимнастикийн дэлхийн аварга Алла Назмутдинова, Алла Засухина, акробатикийн холимог хос тоглолтын тамирчидтай хүрэлцэн ирж,СТО-нд спортоо сурталчилсан үзүүлэн тоглолт хийж, зурагт радиогоор гаргаж олон охид эмэгтэйчүүдийг гайхшруулсан тоглолт хийж гимнастикийн спортыг сурталчилж байв.
1974-1975 онд ЗХУ-аас уригдан ирсэн РСФСР-н гавьяат дасгалжуулагч Людмила Павловна Зотова багштай спортын мастер Д.Хишгээ, Ц.Марта нар хамтран ажиллаж байсан.1975онд өөрийн орны зэргийн ангилал, хөтөлбөрт дасгал, тэмцээний дүрмийг боловсруулж батлуулсанаар уран сайхны гимнастикийг хөгжүүлэх суурь тавигдсан. 1975 оны Улаанбаатар хотын аварга шагаруулах тэмцээнийг насанд хүрэгчидийн 1-р зэргээр зохион байгуулж байсан бол 1977 онд анхны Спортын мастер, 1986 онд анхны Олон улсын хэмжээний мастерууд төрөн гарчээ.
1975 онд өөрийн оронд БТС-ын Хоршоолол нийгэмлэгийн урилгаар Польш, Унгарын баг манай тамирчидтай уран сайхны гимнастикаар анхны нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохиосон.
Тус ондоо Чехславак улсын Прага хотноо зохиогдсон Вечер Дружбы бүх ард түмний спартакиадад уран сайхны гимнастик болон спортын гимнастикийн тамирчдын хамтарсан Эрийн гурван наадам сэдэвт тоглолтоор амжилттай оролцож байв.
1983 онд МҮЭСТОрдонд Монголын эмэгтэйчүүдийн хорооны нэрэмжит олон улсын тэмцээнийг анх их тайзан дээр зохион явуулсан. Тэмцээнд ЗХУ-аас дэлхийн аварга Галима Шугурова ахлагчтай баг тамирчид, дэлхийн аварга Елена Томас, Татьяна Дручинина, Елена Литош нар оролцож, туршлагаа солилцож байжээ.
1984 онд Монголын эмэгтэйчүүдийн хорооны нэрэмжит ОУ-н тэмцээнийг СТО-нд зохион явуулж, манай баг тамирчид болон ЗХУ, Герман, Польш, Румын баг оролцож, туршлагаа солилцож манай залуу халаа болсон бяцхан тамирчдад ихийг сурч мэдэх бололцоо олдсон юм.
1992 онд Монголын гимнастикийн холбооны 30 жилийн ойн нэрэмжит тэмцээнд ЗХУ-ын Иркутск, Краснокаменск, Комсомолск-на-Амур манай баг тамирчидтай нөхөрсөг уулзалт тэмцээн зохиосон.
Улаанбаатар хотод ОУ-ын нөхөрсөг уулзалт тэмцээнийг нийтдээ 6 удаа зохион байгуулж байсан.
1997 онд анхны УАШТ-ийг Д.Хишгээгийн нэрэмжит болгон зохион байгуулж эхэлсэн бол 2004 онд Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулж эхлэв.
Гадаадад зохиогдсон уралдаан тэмцээнүүд болох 4 тивийн аварга, азийн аварга, хүүхдийн наадмууд болон олон улсын тэмцээнүүдэд 40 гаруй удаа амжилттай оролцож, алтан медаль 2, мөнгөн тедаль 2, хүрэл медаль 5-ыг эх орондоо авчирсан.
Манай гимнастикчидаас ОУХМ-12, СМ-86, СДМ-78, спортын зэрэгтэй олон зуун тамирчин охид төрөн гарчээ. Мөн зэргийн нэгдсэн ангилалыг 8 удаа шинэчлэн гарч хэрэгжүүлж байна.